Үр
Bayasgalan Batsuuri
Аймшигтай тэр мэдээг дуулснаасаа хойш хоног тооллоо. Ядаж дөчин есөн хоног дээр нь зул өргөж, ном уншуулъя гэж боджээ. Мэнэрсэн дөчин есөн хоног байжээ. Энэ зуур тамхинд орж, халаасандаа эр хүн шиг галтай явдаг болов. Хааяа сурсан зангаараа хамрынхаа үзүүрийг оролдоход хурууных нь өндөгнөөс тамхины нилхийсэн үнэр ханхалж байх болж. Тамхины гашуун утаа биеийнх нь бүхий л “булан тохойд” хүрээд, хөл гарынх нь үзүүрт хүртэл нэвчиж чадсан мэт, богинохон хугацаанд тэр гашуун утаанд бүрнээ эзлэгдсэн байх аж, гайхна.
Өглөө босмогцоо өчигдөрхөн шашны эд зүйлсийн дэлгүүрээс хэрэг болгон худалдаж авсан зулын цөгцөө цүнхнээсээ гарган арчиж, аанай л өчигдөр замын хажуугийн багашаархан дэлгүүрээс зорьж авсан тосоо хийн зуухан дээр хайлаад, тамхи үнэртдэг хурууныхаа өндгөөр цагаан хөвөн имрэн гол хийж, асаагуур цахиж уруулдаа ойртуулдаг гараараа чүдэнз зуран зуландаа барьжээ. Гэвч зулынх нь ард бүрлээчийн зураг алга. Өөртэй нь хамт өргөн мөрнийг хөндөлдсөн модон гүүрний хашлага сандайлж зэрэгцэн суусан нэг зургаас өөр зураг алга. Тэр зурган дээрх дүрийг нь сэтгэлдээ бодож байгаад сая барьсан зуландаа гурвантаа мөргөлөө. Сүнс нь амгаланг олж, дахин төрлийг хурдан олоосой гэж бодов. Дөчин ес дэх хоног дээрээ хүний сүнс дараагийн төрлөө олдог гэж эмэг эх нь ярьж байсан санагдахуй “Тэгвэл өнөөдөр энэ хорвоод ахин ирэх замаа олох нь ээ” гэж бодлоо. Унаандаа суух нь. Унаа нь хэн нэг бүсгүйн халуун хэвлий. Ураг бүрэлдэж буй халуун хэвлийд нь түүний сүнс ирж оршиход бүсгүй хэвлээ даран цочиж, “Хөдөллөө, анх удаагаа хөдөллөө!” гэж хань нөхөртөө ч юм уу, хажуу дэргэдэх хүмүүстээ хэлнэ. Тэгээд тэд түүний сүнс хэвэлд нь ирж буусан дохио тэмдэгт баярлан хөөрч, тулгар бүсгүйн гэдсийг ээлж ээлжээрээ дарж үзнэ. Ийн төсөөлөхүй, тэр өөрийн эрхгүй гэдсээ дарж үзжээ. Дөнгөж босоод цайлж ч амжаагүй, нахийсан хавтгай гэдсэн дээрээ алгаараа дарахуй элчилгүй сансрын ёроолгүй харанхуйн ханыг тэмтрэх шиг болжээ. Хайртынх нь сүнс ирж халуун хэвлийг нь дотроос нь тийрч буй танихгүй бүсгүйд атаархах ч шиг. “Надад үр болж ирэх заяа байх биш...” гэж бодов. “Үрийг нь авч үлдсэн бол...” гэж бас бодов. Тэр нь илүү ойр санагдав. Гэвч үүрд оройтжээ.
Сүсэг бишрэлтэй хүн биш л дээ. Гэхдээ үнэн сэтгэлээсээ хуруу даран тоолсон дөчин ес дэх хоног дээрээ тэр чин сүсэгтэй хүн болоод сэржээ. Будаа загсааж, үзэм хутгаж хэд халбагадчихаад гэрээсээ гарав. Оршуулгад нь тэр оролцож чадаагүй. Халуун голомтынхоо нурам дээр цог атгаж, үнс бударгаж суугаа эхэд нь өөрийгөө бас хэн гэж нэрлэж очихоо мэдэхгүй байсан юм. Үнэгэн харанхуйн дундуур том хар авсыг нь дамжлан гарч ирж, урт хар тэрэгний ард тавиад хингэнэн уйлалдсаар олон машинд хуваагдан сууж, цуваалан одсон бараан хар сүүдрүүдийг зэргэлдээх байрны буланд нуугдан харж, хүйтэн хана налан уйлж зогсохдоо л тэр орчлонгийн харанхуй бас хүйтнийг анх удаа мэдэрчээ. Харанхуй, хүйтэн дээрээ ханхайсан хоосон юм болж хоцорчээ, орчлон. Түүнийг нь л байгаа болохоор дүүрч байсан орчлонгийн наран тэрхнээ гэрэвшин дөхсөөр мандахад тэр гэрэл гэгээг нь олж харсангүй, илч дулааныг нь ч мэдэрсэнгүй билээ.
Таксинд гар өргөлөө. Хижээл жолоочтой хуучин тэрэг ирж зогсов. Тэрэгнээс хурууных нь өндөгнөөс үнэртэх болсон өнөөх нэлхийсэн үнэрийн ужгирч дагтаршсан өтгөн хувилбар ханхийнэ. Буурал толгойт жолоочид гандан орно гэж хэлэхэд хариу дугарсангүй, явах замаа өөрөө сонгоод цааш хөдөллөө. Шинэ тутам баригдсан байшин хороолол, худалдааны төв, ууш зуушны газрын нэр хэлсэн бол тусламж эрэх мэт арга ядсан харцаар арагш харж, явах замаа ахин дахин лавлан асуух байсан нь дамжиггүй. Гандан бол сайх өвгөний хувьд энэ хотод үлдсэн цөөхөн танил газрынх нь нэг. Харин бүсгүйд гандан гэмээнэ хэтээс харь хөндий, магад энэ хотын хамгийн танил бус хэсгүүдийн нэг. Эрхинийхээ бөөрийг элтэл маани тоолж суудаг хөгшин эхтэйгээ өссөн тулдаа тэр зул барьж сурчээ. Үхэл зовлон тохиож гэмээнэ зорьж очих газар нь тэр гэх бүдэг зөнг ч эмгэнээс өвлөсөн байх. Арван гурван наснаасаа хойш хааж орхисон амьдралын номынхоо нэгэн бүлгийг ахин сөхөж, дөчин есөн хоног, төрөл олох, зул барих, гандан орох, ном уншуулах гэх мэт үгсийг сэргээж авсан нь саяхнаас. Амьдралын номынхоо ахин нэг бүлгийг хаах болоход хэдий нь хаагдсан хуучин бүлгийн энэ үгс эргэн хэрэг болжээ. Нэг хүн үхэхэд нэг бүлэг хаагдана...
Гандангийн урд буулаа. Бурхийн бууж, дэрхийн нисэлдэх хэдэн зуун тагтаа түүнийг тосов. Сүрэглэсэн олон тагтааны захад будаа зардаг хэдэн самган хонио нийлүүлчхээд хуучилж суугаа хүүхдүүд шиг зээглэн суусан харагдана. “Будаа авч, тагтаа хооллоорой! Буян болно!” гэж нэг нь сулхан дуугаар хэллээ. Будаагаа авчихсан, тагтаагаа хооллоод буянаа үйлдэхэд бэлэн зэхээтэй хүн нь уг нь өөрөө л харагдах. Гэвч яагаад ч юм тэр эмгэн өөрийн үйлдэх буяныг бүсгүйд өгөхийг хүсжээ. Бүсгүй эмгэний гараас будаа авч тагтаа хооллон буян үйлдэж, буянаа эдлүүлсэнд нь талархах мэт хэдэн задгай төгрөг гар дээр нь тавиад гандангийн хүрээний гол хаалгаар дотогш орлоо.
“Ном уншдаг газар нь хаана вэ?” гэж асуухад нэгэн ламхай тойроод хүрдэн горломтой, дундаа гурван тусдаа дуган бүхий багашаархан хашааг зааж өгчээ. Хашааны үүдэн тушаа уншуулах номоо бичүүлэх жижигхэн шар байшин байна. Байшингийн дотор, модон хашлаганы цаана хэдэн лам зэрэгцэн суугаад сүсэгтнүүдийн уншуулах номыг бүртгэн авч, ном тус бүрийн үнийг нэгтгэн төлбөр хурааж, баримт олгоно. Үсчний газрын үйлчилгээний танилцуулга шиг үүдний хананд хадаатай үнийн самбараас тэр “Хойдын төрөлд…” гэсэн тайлбартай хэдэн ном бичиж аваад, шилэн хаалттай модон хашлаганы цаана банкны теллерүүд шиг зээглэн суусан орхимжтой эрсийн нэг рүү очлоо. Энэ эрд тушаасан мөнгө нь хаа нэгтээ үйлчлэлээ олсноор эрлэг тамын үүд хаагдан, диваажингийн хаалга нээгдэх юм уу, төрлөө ололгүй тэнэж явсан зовлонт нэгэн сүнс нааш дуудагдаж, энэхэн орчилдоо эргэн төрөх, эхийн хэвлийд дахин бүрэлдэх эрхээ авна.
- Лхоготой Гүнриг.., маанийн ерөөл уншуулъя!
- Талийгчийн хойдын буянд ном уншуулж байгаа юм уу?
- Тийм ээ.
- Авидын чого нэмээд биччихье!
- Аан, лхоготой юунаасаа өөр юм уу?
- Авидын чого. Лхоготой Гүнригээс өөр ном.
- Аан... Тэгвэл тэгье ээ.
Бид бурхантайгаа заавал яагаад харь элгийн хүмүүсийн хэлээр харилцдаг юм бол оо гэж бодогдлоо. Өндөр уулын нэгэн ард түмний хэл түүнд бурхны, хойд насанд нь тосох тэнгэрийн орны хэл мэт сэтгэгдээд дадал болжээ. Бас л эмэг эхийнх нь үлдээсэн өв. Энэ хүртэл бурхан номын хэл гэж бодож явснаас, баруун Монголын цаахна байх уулын өндөрлөгийн хүн зоны, эгэл ертөнцийн адил буурайчуудын хэл гэж тухайлан бодож байсангүй. “Авидын чого, лхоготой гүнриг гэдэг нь орчуулбал юу гэсэн утгатай үгс юм бол доо?” гэсэн энгийн гайхширал нь тийм бодолд хөтөлжээ. Ойлгогдохын тулд орчуулагдах ёстой болж байвал тэр бурхны хэл биш. Бурхны хэл авиа хийгээд үгсийн хайрцаглалд үл хашигдан, бүх хүний ухамсарт ямар ч алагчлал, ямар ч алдаа мадаггүйгээр, нэвт утгаа нэгэн зэрэг шууд хадааж байх ёстой. Тэр уг нь ингэж боджээ. Бурхны хэл хүн болгонд ойлгогддог бол түүнд ч бас ойлгогдох учиртай. “Магад бурхан өөрийн хэлээрээ чихэнд нь ойлгомжтой шивнэсэн болохоор би одоо энд ирчхээд байгаа биз!” гэж бодлоо. Тэгж бодохуй цаасан дээр бичиж барьсан харь үгстээ тэгтлээ хүч өгөх хэрэггүй шиг санагджээ.
Ном бичигч ламын зааж өгснөөр байшингаас гарч, гурван дуганы голынх руу нь явж орлоо. Сүсэгтнүүд уван цуван орж ирж, дуганы баруун зүүн талыг дагуулж тавьсан вандангууд дээр оочин тоочин сууна. Хурлын лам нар ч хоёр, нэгээрээ морилсоор дуганы голд, хоёр эгнээ болон өөд өөдөөсөө харан сууцгаав. Тэр бадамлан асаж, даруйхнаа жаргах олон мянган зулын тортогт халтартаж, он цагийн дагтаршмал тоосыг хамтад нь шингээсэн орон хийдийн бурхан шүтээн, эд агуурсыг харцаараа илбүүрдэн, юухан хээхнийг ажиглан хэсэг удлаа. Санаа алдахын зууртаа зулын тосны нэлэнхий үнэр, тоосны үнэртэй холилдон зунгааралдсан хийдийн агаарыг хүчтэй сорон амьсгалахад олон жилийн ужгирсан санаашрал нь цээжинд нь улам манантан өтгөрөх шиг. Бушуухан гарч тамхи татмаар санагдав. Дотор нэг юм манантаад байх үед л тамхи үгүйлэгдэнэ. Манантсан тэр хачин уйслыг тамхиных гэж бодох нь арай хөнгөн байдаг билээ.
Ном эхлэхээс өмнө гарч тамхи татахаар бослоо. Дуганы үүдэнд уртаа гэгчийн нарийхан цагаан цаасыг хадаг мэт дэлгэн барьсан лам зөрөв. Хэн хэн ямар ямар номыг хэнд зориулж уншуулахаар бичүүлсэн нь тэр цаасан дээр дурайж бий. Тушаасан мөнгө нь дуганы дотор зээглэн суусан лам нарын унзад хоолойгоор уналга хийн, уншлага тарниар нь тамир хийн ниссээр энэ хорвоогийн хилээс гарч, нөгөө ертөнцийн агаарыг нэвтэлж, там диваажингийн хаалганд тулан, шидийг үзүүлэх замдаа шуударчээ. Бүсгүй тэр ламын хойноос эргэн харвал ламтан уртаар нь дэлгэн барьсан цаасаа бага багаар тастан уншлагын лам нарт тарааж байгаа нь дуганы нээлттэй үүдээр тодхон харагдав. Өөрийнх нь бичүүлсэн номууд аль ламд очиж буй бол гэж бодсон ч гүнзгий бодлого болсонгүй, дуганы үүднээс бушуухан холдож, тамхи татчих нууцхан газар эрэв.
Гэвчиг орон хийдийн ариун нь эгэлийн санаанаас дээш юмсанжээ. Тамхи татчих газар үнэхээр олдсонгүй. Нэгэнт гадаа гарч, булан тохой бараадан хулгайч шиг эргэцсэнийх гэмээ залруулах үйл сэдэж, мөнхүү гурван зэрэгцээ дуганыг хүрээлсэн хашаагаар гороолон хүрд эргүүллээ. Хүрд эргүүлэхэд хүрдний бөөрөн дээрх маанийн үсгүүд нэг нэгээрээ ховхрон агаарт нисэлдэн байх шиг санагдана. Зарим хүрдэн дээр өөд болоочийн нэрийг жижигхэн цаасан дээр бичин наажээ. Өөд болоочийнхоо хойдын замыг бусдад даатган үлдээсэн нь тэр бололтой. Хөхөө бусдын үүрэнд өндгөө үлдээдэг шиг, бусдын мөргөл буянд хүнээ даатгаад үлдээжээ. Хүрдэн дээр нэр нь бичээстэй талийгчдын тухай бодохул бүсгүй өөрийгөө ч бас өрөвдөн бодов. Яг одоо үхчихвэл зам мөрийг нь засан араас нь эргэл мөргөл үйлдэж явах хүн хэнсэн билээ. Өнчин өрөөсөн юм. Өнчрүүлж үлдээсэн хоёр хүн энэ хорвоог хань бараандаа туулчих ах дүү ч үлдээсэнгүй. Байсан нь ганц эмэг эх нь. Байхгүй болоод уджээ. Дараа нь өнчрөл ганцаардлыг нь нөхөх өр зүрхний хүнтэй учирлаа гэж бодтол аанай л өөд одчихоод өнөө дөчин есөн хоног дээр нь зул барьж, гороо эргэж яваа нь энэ билээ. Гэтэл байр нь солигдоод бүсгүй үхэж, залуу амьд үлдсэн бол тэр залуу энэ бүсгүйн төлөө гороо хийж, зул шатааж явахсан болов уу. Бүсгүйн энэ сэтгэл, энэ санаашрал, энэ үгүйлэлтэй эн тэнцэх зүйл залуугийн дотор байсан эсэхийг мэдэхгүй. Залуу насны дэврүүнийг хамтдаа амсаж, инээж хөхөрч, уйлж туньж, заримдаа эв хагаран хаалга үүд савалцаж, хэдэн сараар нэг нь элдэж, нөгөө нь дутааж явсан нь үнэн. Бүсгүй элдэж, залуу дутаадаг байсан гэвэл үнэнд илүү дүйнэ. Амьдралд нь орж ирсэн цор ганц хүнийг алдмааргүй байжээ. Харин залуугийн амьдрал хүнээс их юмгүй. Үнэгэн харанхуйн дундуур том хар авсыг нь дамжлан гарч ирж, урт хар тэрэгний ард тавиад хингэнэн уйлалдсаар олон машинд хуваагдан сууж, цуваалан одсон бараан хар сүүдрүүд бол түүнийг амьдад нь байх суух аргагүй болгож, амьсгалах агаарыг нь булаан сорж, амьдрах буланг нь хуваан эзэгнэж байсан хүмүүс мөн. Амьдралд нь хэтэрхий олон хүн чихэлдээд, агшин тутамд өөрийг нь үгүйсгэн буланд шахаад байхаар залуу заримаас нь зүгээр л зугтаачихдаг байж. Тэр заримуудын дотор бүсгүй ч заримдаа багтана. Гэхдээ бүсгүй залуугийн хувьд ихэнхдээ л тэр хүмүүсээс зугтаж ирэх үүр орогнол, эцсийн найдвар, тулах цэг нь болж байж. Тэрийгээ бүсгүй мэднэ. Мэдэх тусам тэр хүнд би бусдаас зугтах үүр орогнол.., илүү юу ч үгүй хүн байсан юм биш байгаа гэх эргэлзээ төрнө. Оршуулгад нь байлцаж, хөрсөн ч болохнээ хацрыг нь илбэж, эцсийн удаа харахыг машид хүссэн ч тэр эргэлзээ хөлийг нь тушаад хөдөлгөөгүй юм. Хүүгийнх нь хувьд хэн байсан гэж эхэд нь өөрийгөө танилцуулахсан билээ.
Хүмүүс үхсэн хүний үгэнд оромтгой байдаг. Амьдсан бол ам булаалдан маргалдаж, алалдах тулалдах дээрээ тулж байх зүйл дээр ч өөд болоочид бууж өгөмтгий байдаг. Булаалдах, тэмцэлдэх, буруу зөвөө шүүлцэх, нэгнээ агдлан мохоож, дарж авч байж санаа амрах, тэр байтугай хайрлан дурлалцаж, халуун дулаанаа мэдрэлцэх, гоё сайхнаа батлалцах мэтэс ч амьд хүмүүсийн л бусадтай харгалдан байж өөрийгөө мэдрэх хэрэгцээ төдий. Хэн нэгэнд тэгж өөрийгөө мэдрүүлэн байж өөрийгөө мэдрэх гэтэл цаадах нь өөдөөс нь чагтлан тэмцэж тэр хэрэгцээг нь хангаж өгөх байтугай өөрийг нь мэдрэхгүй, өөрийгөө ч мэдрэхгүй, бүр юуг ч мэдрэхгүй болчихсон байвал.., тэгээд тэнд бүх юм дуусна. Тэмцэлдэж өөрийгөө батлах, хайрлуулж өөрийгөө мэдрэх амьдын хэрэгцээг цаад тал нь нөхөж чадахаа болилоо гэсэн үг. Хангалттай өглөө, одоо ингээд боллоо гэсний шинж. Түрүүлж юу ч мэдрэхээ больсон нь харилцааныхаа төгсгөлийг шийднэ. Цэг.
Цэгийн араас ямар ч юмыг үргэлжлүүлэх боломжгүй, утга ч үгүй. Цэг хатгачхаад энэ орчил, энэ оршихуйгаас арилж одсон хүний ард амьд үлдсэн нь нэгэнт цэглэгдсэн харилцааг өөрийнхөөрөө дүгнэж, өөрийнхөөрөө тайлбарлаж, өөрийнхөөрөө үргэлжлүүлэх гэж оролдох нь шударга бус. Эхэд нь “Би таны хүүгийн үерхдэг бүсгүй (хайртай эмэгтэй, дотнын хүн) байсан юм аа” гэж хэлээд очсон бол цэгийн араас зураас татах гэж үзэхтэй юуны ялгаатай. Амьддаа өөрт нь оноож өгөөгүй олон тодорхойлолтын аль нэгийг өөрийн дураар сонгож, дүрд тоглохыг тэр хүсээгүй юм. Амьддаа орон гэртээ оруулж, эхдээ танилцуулаагүйнх нь цаана учир шалтгаан, учир шалтгаанд суурилсан шийдвэр буй. Тэр учир шалтгаан, шийдвэрийг нь хүндлэх, хүлцэн дагахаас өөр яахсан билээ. Үхсэний ард амьд үлдсэн хүн шүү дээ.
Өмнөх хүрдээ хүчтэй эргүүлэхэд жижигхэн цаасан дээр бичиж, бөөрөнд нь наасан танихгүй өөд болоочийн нэр сэнсрэн эргэж, үргэлжилсэн цагаан зураас болон нүдний нь өмнө жирэлзлээ. Задгай сансрын харанхуйг зүсэн довтолсоор дэлхий рүү харван ирэх нарны цацраг шиг, энэ эрчлэн хурдлах үргэлжилсэн цагаан зураас ч бас эндхийн биш нэгэн орчилд харван тусаж, талийгчийн сүнсийг онон очоод, аван довтолгож буй мэт санагдана. Бүсгүй амьдын орчлонд зам огтлолцоогүй, үл таних өөд болоочдын сүнсэнд тэгж унаа залгуулчхаад гороогоо дуусгаж, ахиад голын дуган руу алхлаа. Хурал ном нь эхэлж буй биз ээ.
Дуганы үүдэнд хүрвэл лам нар хэдий нь байраа эзлээд, явган ширээнээ судар номоо дэлгэн суусан нь нээлттэй үүдээр тодхон харагдана. Сүсэгтнүүдийн үүгээр түүгээр холхих нь ч цэгцэрч, бүгд суудлаа эзэлжээ. Зарим нь эрих эргүүлж, зарим нь алга хавсарч, нас залуувтарууд нь сонирхож сонжсон харцаар дуганы дотуур нүд бэлчээж сууна. Бүсгүйг сүсэгтнүүдийн хөл хөдөлгөөний сүүлийг мушгин буйдаа баахан санаа зовнингуй, биеэ хураасхийн байж дуганы босгоор хөл тавих мөчид ард нь олон тагтаа далавчаа зэрэг дэвэх мэт дархийх чимээ гарч, агаар сэвэгдлээ. Эргэн харвал гавшгай алхаатай залуухан лам мөрөө давуулан орхимжоо шидээд том том алхан ирж айсуй. Гэтэл хоёрхон алхмын цаана тулж ирсэн тэр ламыг хармагцаа бүсгүй босго дамнасан чигтээ таг хөшчихлөө. Царай нь зэвхий дааж, амьсгалаа түгжин нам зогсчхов. Лам өөдөөс нь гөлрөн таг болсон бүсгүйн хажуугаар огтын жишимгүй янзтай орхимжоо зассан чигээр зөрж, шав шавхийтэл алхсаар хурлын лам нарын хамгийн доор, явган ширээний ард завилан суулаа. Нүд нь, харц нь, царай зүс, бие бялдар, алхаж гишгэж байгаа нь, аяг байдал нь... “Ямар адилхан юм бэ?” гэж бүсгүй дотроо уулга алдав. Зүрх нь түг түг цохилно. Арай гэж нөгөө хөлөө босго давуулан хаалганаас холдож, үүднээс холгүйхэн вандан сандалд салхийн суулаа. Тэгэх зуураа саяын ламаас харцаа салгасангүй. Нүдэндээ итгэхгүй ахин дахин харна. Балмагдаж, яах учраа олохгүй дэмий ширтэнэ. Дөчин есөн хоногийн өмнө золгүй еэ энэ хорвоог орхисон сэтгэлт хүн нь эдүгээ өөрийнхөө хойдын замд засал тавьж, ерөөл унших гээд энд, өмнө нь сууж байх.
Хааяа тэр хоёр хөзөр тоглоно, яг ингэж нуруу цэв цэх завилж суучхаад энэ ламын өмнөх судраа ширтэж буй шиг гар дахь хөзрөө хөмсгөө зангидан нухацтай ширтэж байдаг сан. Янз байдал нь ч яриангүй мөн. Лам унших судраасаа сая харцаа өргөж, шуудхан бүсгүйн зүгт удаан харлаа. Бүсгүйн цавчилгүй ширтэж байсан нүдэнд гэнэтхэн нулимс дүүрээд ирэв. Залуу ламын царай огт хувирсангүй. Тэгээд суудлаа засан, ном эхлэхийг хүлээх аж. Зүүн алганд нь жижигхэн цагаан цаас харагдана.
Хажуугийнх нь орцонд амьдардаг бололтой гарч, орж яваа нь хааяа үзэгддэг өндөр бор залууг бүсгүй аль хэдийнээс анзаарах болсон ч, Дунд голын нарийхан гүүрээр гарч явахтай нь таарсан тэр нэг өдөр, тэр нэг мөчид л гайхан инээмсэглэж, тогтон ажиглаж, тэгээд яагаад ч юм өдөржин бодож билээ. Ард нь зайтайхан алхаж явтал залуу гэнэтхэн доош тонгойж, хөсөр хэвтэж байсан бололтой цэнхэр хадаг газраас авснаа шороог нь сэгсэрч, гүүрний хашлагаас нямбайлан уячхаад цааш алхчхаж билээ. Бүсгүйн гайхан инээмсэглэсэн нь тийм учиртай. Урд нь явж байсан хүмүүсийн хэнд ч хөлд хөглөрөх хадгийг дээш нь авах ухаан төрсөнгүй бололтой. Залуугийн гэнэтхэн доош тонгойн, газраас хадаг авч, шороог нь гүвээд, гүүрний хашлаганд нямбайлан уях хөдөлгөөн бүрийг бүсгүй алхаагаа саан зогсознож байгаад сайтар тогтон харжээ. Ажилдаа очсон хойно нь ч хажуу орцных нь зүс мэдэх залуу урьдынхаасаа арай дулаан, арай дотноор бодогдоод, инээмсэглүүлээд байж. Тэгээд л дараагийн удаа тааралдахдаа тэр хэзээний танил хүн шиг дуу шуутайхан мэндэлж орхижээ. Залуу гайхсан ч хариу мэнд мэдэн, сулхан толгой дохив. Тэгж тэдний хайр сэтгэл эхэлсэн билээ. Тэгтэл эдүгээ энэ үл таних ч зүс дотно лам хагацаж одсон хайрт эрийнх нь тэр өдөр өөдөөс нь сулхан толгой дохиж байсан яг тэр янз маягаар урдах судар луугаа толгойгоо сулхан дохилзуулан ном хурж сууна. Хүүхэн нулимсаа ханцуйгаараа шудраад газар ширтлээ. Ном хурж суугаа лам хараад уйллаа гэлтэй нь биш, ойр тойрныхоо хүмүүсээс санаа зовнин тэрүүхэндээ самгардав. Зүүдэлж байгаа ч юм шиг. Зүүднээсээ сэрэхийн тулд доош тонгойсон хэвээр нүдээ анилаа.
Лам нарын уншлага жигдэрч, хийдийн нэлхийсэн агаарыг унзад ламаар тэргүүлүүлсэн идэрмэг эрсийн хоолой улам өтгөрүүлэн дүүргэв ээ. Түрүүхэн хүрдний бөөрөн дээрээс үсэг үсгээрээ ховхрон тэнгэрт нисэлдэж байсан маани тарниуд эдүгээ үг үгээрээ цовхрон агаарт хөвж эхэллээ. Тэгтэл хүнгэнэн дүнгэнэх тэр олон хоолойдоос нэг нь аажуухан салж, тэр хоолойг уналга хийсэн маань тарнийн үгс дуганы агаарт хөөрөх бус, үүднээ газар шагайн суух бүсгүйн зүгт хөвөн очиж, чихнийх нь тосгуурт зөөлхөн бууж эхэлвэй.
Бүсгүйн гутлын хоншоор их далайд живэн алдрах хөлгийн бараа шиг тээр дор торолзон мэлтэлзэнэ. Их далай аньсаганаас нь хальж, сормуус дээр нь агшнаа тороод цүлхийн унахад гутал нь тодроод, унасан далай гутлынх нь хоншоор дээр хоёр дусал болж тогтов. Яг тэр мөчид бусдаасаа чанга биш ч цаанаа л дотно, хэзээний танил хоолой бүсгүйн чихэнд ирж дүнгэнэлээ. Бүсгүй гайхсан янзтай нүдээ нээн, чимээ чагнах мэт хэсэг азнаснаа харцаа өргөн, залуу лам руу ахин ширтэв. Лам судар дуудангаа хонх цохиж, зүүн алгандаа барьсан цагаан цааснаасаа “... Сэтгэлтогтуун...” гэж өөд болоочийнх нь нэрийг хонхны дуутай дашлуулан байс байсхийн дуудах аж. Сэтгэл нь улам дэнслэв. Яг энэ хоолойгоор хамгийн сүүлд,
-Тайвширчих аа! Тайвшрахаар чинь маргааш ярилцъя! гэж хэлсэн сэн. Тэгж хэлээд үүд рүү алхахад нь шаралхсандаа буруу харж хэвтсээр үлджээ. Үүдэнд гутлаа өмсөх, өлгүүрээс хувцсаа авах чимээний араас хаалганы дуу гарч, араас нь шатаар хөнгөхөн алхлан буух бүгтхэн чимээ нь бүдгэрэн бүдгэрсээр замхарлаа. Бүрмөсөн замхарч буй чимээ юм гэж яахин санах билээ. Маргааш нь ярилцах гэж ирсэнгүй. Нөгөөдөр нь, тэрний маргааш ч утас нь дугарсангүй, хаалганых нь хонх жингэнэсэнгүй, онлайн хаягийнх нь ногоон гэрэл ассангүй. Залуугийнх зэргэлдээ орцноос нь нүүгээд удсан ч харайгаад хүрээд ирэхэд уг нь тийм ч хол биш. Чингээд гурван хоног хүлээж, чимээ гарах бүрд босон харайсны эцэст “Тэр чигтээ яваарай!” гэж зурвас шиджээ. Тэр чигтээ явжээ. Тэр чигт нь явуулсан зурвасыг нь тэр биш, цагдаа юм уу, эх нь, эсвэл хамаатан саднгуудынх нь хэн нэг нь уншсан биз. Гэвч цагдаа түүнийг дуудаж байцаасангүй. Эх нь залгаж харааж зүхсэнгүй. Хамаатан саднууд нь ч хатуу үг унагасангүй. Бүсгүйг ер хэн ч тоосонгүй. Тоож харьцах хүн биш гэж бүгд тохиролцсон мэт үл хэрэгсжээ. Хэл сургийг тэр бүр хойно, хов живд дуртай тэс хөндлөнгийн нэгэн бүсгүйгээс сонсжээ. “Дөрөв хоногийн өмнө юм уу даа. Шөнө яваад орсон чинь гэрийнхэн нь муудалцаж байсан гэнэ лээ. Тэгээд дундуур нь ороод л... Хойд эцгийнх нь хүү баривчлагдчихсан байгаа гэнэ лээ.” Ингэж ярихдаа хүүхэн хээвнэг хөлөө савлангаа, утсаа товшиж байлаа. “Тэр чигтээ яваарай!” гэж бичихээс нь гурван хоногийн өмнө тийм юм болжээ. Гэвч өөрийг нь тэгж бичсэн болохоор л тэр чигтээ яваад өгсөн юм шиг санагдаад, сэтгэл нь баахан тарчилна. Хайртандаа хөөгдөж, халуун голомтынхоо хүнд алагдах ямар байсан бол, сэтгэл нь аймшигтай тарчилж байсан байх даа гэж бас бодно. Гэтэл өдгөө тэр өмнө нь амьд сэрүүн дүрээрээ суучхаад өөрийнхөө хойдын замд ерөөл хуран, хонх цохингоо хэзээний нуугьсан намуухан хоолойгоороо,
-Сэтгэл тогтуун.., сэтгэл тогтуун.., сэтгэл тогтуун! гэж байна.
Нулимс нь ахиад л бүрхлээ. Ламтны үйл хөдлөл бүрийг нүд салгалгүй ширтэн, нулимс унагаж, шударч, уймарч мэнэрч суутал нэг мэдэхнээ ном хуралдаж, хурал өндөрлөжээ. Сүсэгтнүүдийн зарим нь суудлаасаа өндийж, хурлын лам нараас адис хүртэхээр дуганы гол руу цувна. Эхийгээ дагуулсан багавтар гэдэстэй, хөл хүнд хүүхэн тэдний араас алга хавсран дагаж, хурлын лам нарын хөлд сууж буй өнөөх ламын өмнө очоод бөхөсхийн адис хүртэж харагдана. Тэгээд цааш хоёр алхсанаа гэдсээ дарж, урд нь алга хавсран адис хүртэж явсан эхийнхээ гараас татан, чихэнд нь нэг юм хэллээ. Тэд инээмсэглэн ярилцсаар, нэг ламаас нөгөө ламын урд очин адис хүртэж дуусаад шуудхан үүд рүү хандав. “Эхний ламаас адис хүртээд өндийсөн чинь дотроос ёвроод авах шиг л болсон. Анх удаагаа хөдөллөө шүү!” гэж бүсгүй амьсгаа дээр өнгөөр уулгалан ярина. Эх нь гэдсэн дээр нь нэг гараараа дарж, тэд инээмсэглэн ярилцсаар гарч одов. Дуганы хатавчинд сууж байсан бүсгүй тэдний ярихыг сонсоод хөл хүнд эмэгтэй рүү удаан ширтэж, араас нь дагуулан харлаа. Тэгээд дараа нь ламтны зүгт харц тогтоон ширтлээ. Ламтан дэлгээтэй судраа дэгтэлж, баринтаглаж харагдана. Одоо эндээс гараад л амьдралаас нь жинхэнээсээ, бүр мөсөн арилж одох тэр хүний амьд сэрүүн, гэгээн тунгалаг дүрийг ханатал харж авах гэсэндээ бүсгүй суудлаасаа босолгүй, тэндээ суусаар байжээ.
Лам суудлаасаа өндийж, эд юмсаа өвөрлөхдөө дээр нь өөд болоочийнх нь нэр буй алгын чинээ цагаан цаасыг ч бас авч нугалаад өвөртөө хийв. Дээшиллээ. Бүсгүй яаран суудлаасаа өндийв. Дуганы үүдээр гараад тосож уулзах гэсэн мэт хүлээн зогслоо. Ламтан гарч ирсэнгүй. Нэлээд удлаа. Бүсгүй нүдээ анин, урт амьсгаа аваад дуганы үүдээр шагайсхийн харвал тэр харагдахгүй байлаа. Тэгэхүй ид шидийн гэмээр сонин бодрол төрөв. “Тэр чигтээ яваарай!” гэж зурвас бичсэндээ баахан хатуулдаж, зангираад байсан юмсан. Тэр чигтээ явалгүй, сүүлийн удаа дүрээ харуулах гэж ирсэн нь энэ байж уу?! Тэгж бодмогц дотор нь ямар нэг юмны гогцоо торхийн мултрах шиг, зангирч хуралдсан юм нь тайлагдах шиг, жигтэй тайвшралыг мэдэрчээ. Ардаа эргэн эргэн харсаар дуганы хашаанаас гарлаа. Гэвч гандангийн хүрээнээс шуудхан явчхаж чадсангүй. Сэтгэл нь хоргодоод байжээ.
Тэгтэл түрүүнээс хойш урд нь бөгцгөнөж явсан эмгэний ууттай юм задраад, дотор нь байсан алимууд газраар нэг тарчихлаа. Бүсгүй эмгэнд туслахаар ухасхийсэн ч хоёр жаахан бандихай чавхдаж хүрээд алимуудыг нь богширго шиг бөгтөлзөн түүж эхлэв. Бүсгүй уг нь туслах гэсэн ч өөрийнх нь хэрэг алга болохоор хажууханд сандал дээр суун тэднийг харна. Эмгэн “Буянаа нэм! Яасан ачтай хүүхдүүд вэ!” гэж ерөөнө. Тэгээд хоёр хүүг нэг нэг алимаар шагнахад цаад хоёр нь бие биеэ нудран гүйлдэж одов. Эмгэн ч ууттай алимаа энгэртээ тэвэрсээр хайцганан явж одлоо.
Өглөө үзэмтэй будаанаас хоёр халбагадаад гарч ирснээс хойш юу ч идээгүйнх үү, гэдэс нь хоржигнон дугарах аж. Бүсгүй өлсөж улам нахийсан гэдсээ дарлаа. Гэдсэн дотор нь элчилгүй сансрын ёроолгүй харанхуйн дунд солирын бороо орж, гараг эрхсүүд мөргөлдөн, бүхийг сорон залгигч аварга хар нүх эрчлэн мушгирч байх шиг. Гэдсээ дарсан чигтээ түрүүчийн хөл хүнд бүсгүйн тухай бодлоо. Хайрлах, атаархах зэрэгцэн бодлоо. Хайрт хүн нь огторгуйн харанхуй, оддын шуурганаас сүнсээ гэтэлгэж, энэ орчлондоо эргэжээ гэж бодлоо. “Надад төрсөн ч болоосой!” гэж энэ удаад жинхэнээсээ, үнэнхүү харамсаж бодлоо. Нахийсан хавтгай гэдсэн дээрээ алгаараа дарсан чигтээ бодлоо.
Бага үдийн наранд агаар халж эхэлжээ. Агаарын халуун толгой дээрээс нь төөнөхөд түрүүчийн тов тодорхой бодлууд нь бага багаар сарнисаар, мэнэрэн зэрэглээтэж, тархи нь үүлгэртэнэ. Тэгж суугаад хэр удсаныг бүү мэд ээ. Нэг мэдэхнээ өнөөх лам урдхан нь ирээд зогсчихсон, доош тонгойн газарт хэвтээ нэг алимыг авснаа ханцуйндаа арчиж харагдав. Яг л хаврын нэгэн гялтайсан шаргал өдөр, Дундголын нарийхан гүүрэн дээр гэнэтхэн зогтуссанаа тонгойж, хөсөр хэвтэж байсан цэнхэр хадаг газраас авснаа шороог нь сэгсэрч зогссон яг тэр янз байдлаараа алимыг газраас аваад шороог нь гараараа арчин, лам дээлийнхээ ханцуйнд шударч зогсоно. Бүсгүй лам залууг алмайран ширтэж хэсэг суулаа. Тэгснээ гэнэтхэн ухаан орсон шиг годхийн босоод харайн тусан очиж, алгаа тосжээ. Лам гүйж ирээд урд нь алгаа тосон зогссон бүсгүйг хараад гайхсангүй. Дуугүй л инээмсэглэв. Тэгснээ өврөө уудлан өнөөх уншуулах номыг нь бичсэн алгын чинээ цаасыг гарган ирснээ алимаа тэр цаасаар сайтар арчлаа. Тэгээд нэг алган дээр нь алимаа, нөгөө алган дээр нь цаасаа тавьчхаад хэзээний танил янзаар инээмсэглэснээ явж одов. Бүсгүй алим, цаас хоёрыг атгасан чигээр ламтны араас булан тойртол нь харж зогслоо. Яаралгүй зугуухнаар, ягуухан алхсаар булан тойрчээ. Яг тэндээ нам зогсоод, яван одохыг нь алхаа нэг бүрээр нь харж авчээ. Булан тойрсон хойно нь ч алмай баахан зогсжээ.
Гэвч хэр удаан тэгж зогсолтой билээ, түрүүчийн сууж байсан сандал дээрээ буцан очиж суув. Ламыг булан тойрохтой зэрэгцэн хайрт хүнийх нь дүр орчлонгоос бүр мөсөн ариллаа. Бүсгүй хуучин модон гүүрэн дээр хоёул их усны урсгал ширтэн зогсож байсан мөчөө эргэн дурсав. Зургаа авхуулъя гэхэд нь цааргалж цааргалж ганц зураг даруулж билээ.
- Надтай зураг авхуулахаас дургүйлхээд байгаа юм уу?
- Үгүй ээ.
- Тэгээд юунд цааргалаад байгаа юм бэ?
- Зүгээр л эвгүй байдаг юм.
- Яагаад?
- Мэдэхгүй ээ. Тухгүй байдаг юм.
- Юу нь тэр вэ?
- Юу гэдгийг нь мэдэхгүй ээ. Хүн нас барахаар зургийг нь жаазлаад өмнө нь зул барьдаг шүү дээ. Хүмүүс хэзээ үхэхээ мэдэхгүй ч, хэзээ үхэхээ мэдсэн юм шиг цэх зогсож, дуран руу эгц харж байгаад авхуулсан зураг заавал нэгийг үлдээсэн байдаг.
- Залуу хүн байж зулын ард тавигдах зурагтаа санаа зовоод явж байдаг хэрэг үү? Яршиг байгаа даа.
- Тийм биш ээ. Зүгээр л аль зургаа жаазлуулахаа сонгож чаддаггүй юм гэхэд, аль агшнаа жаазлуулахгүй байхаа сонгодог баймаар байна. Жишээ нь чамтай байгаа энэ мөчөө ч юм уу...
Тэр ингэж хэлээд муухан инээвхийлжээ. Тэгж байсныг нь эргэж бодохуй хорвоогийн аль нэг булан тохой, цаг хугацааны аль нэг агшин хоромд хоёул хамт байсан мөчүүдээ заавал баримтжуулж, бусдад нотлох шаардлага нээрэн юусан билээ гэж бодогдов. Гэр орных нь босгыг алхахсан, эхэд нь өөрийгөө мэдүүлэхсэн гэж бас хүссэнсэн. Тэглээ гээд ч яахсан билээ. Бусдад мэдэгдэж байж л тэдний учирсан үнэн болохгүй, мэдэгдээгүй байлаа гээд худал болохгүй.
Их үдийн наран тэнгэр оройлжээ. Будааны эмгэчүүл бүгдээр гандангийн хүрээний өндөр хэрмийн сүүдэр бараадан сууцгаасан харагдана. Жин үдийн халууны үеэр эргэлч мөргөлчдийн цуваа жаал татарч, гандангийн хүрээнд ажин түжин ноёлдог шинжтэй. Нэг машин дуут дохиогоо хангинуулж, жолооч нь цонхоор толгойгоо цухуйлгаад “Унаа авах уу?” гэж асуув. Тэр сая сэхээ орж, толгой дохиод тийш гүйн очиж, тэрэгний арын суудалд суулаа. Гэдэс нь хоржигнон дугарав. Бүсгүй гар дахь алимаа том том хазлан идэж гарав. Идэнгээ өнөөх ам дөрвөлжин цаасаа эргүүлж тойруулан харлаа. Бичүүлсэн номуудынх нь нэр, төлсөн мөнгөнийх нь дүн аль нь ч алга. Цаасны нэг тал хоосон, нөгөө талд нь харин Сэтгэлтогтуун гэсэн ганцхан үг дурайж байх аж. Бүсгүй тэр цаасыг цоо ширтэнгээ гар дахь алимаа том том хазлан үртэй юутай хийтэй нь идэж гарав. Алим дуусахад сэтгэл тайтгарч, гэдэс ч цадлаа... Эдүгээ бүсгүй Сэтгэлтогтуунаас үртэй болсон хэвлий дээрээ халуун алгаа зөөлхөн талбиад тэрэгний арын суудлыг налж, нүдээ анив. Нүдээ аньсан чигээр инээмсэглэнэ. Инээмсэглэсээр... Туж инээмсэглэсээр явна... Тэгээд “Бурхны хэл...” гэж намуухан шивнэжээ.